Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журамд нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар өмнө нь мэдээлж байсан. Тус нэмэлт өөрчлөлтийн хүрээнд халамж авч байгаа иргэдийн мэдээллийг нягталж, хоёроос дээш машин, байр, 200-аас дээш малтай 1,435 өрхийн 8,475 иргэнийг хүнс тэжээлийн дэмжлэг авах иргэдийн жагсаалтаас хасжээ.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээллээ.
Тус яам “Хүнс тэжээлийн дэмжлэг олгох журам”-ыг шинэчилсэн. Ингэхдээ өндөр өртөгтэй судалгаа дахин хийхээс илүүтэй төрд байгаа мэдээллүүдийг ашиглажээ. Төрийн байгууллагын мэдээллийн сангуудыг хооронд нь тулгаснаар 1435 өрхийн 8475 иргэнийг дээрх үйлчилгээнээс хассан байна.
Цаашид энэ үйлчилгээ хугацаатай, нөхцөлтэй болох аж. ХБНГУ-ын туршлагыг судалсны үндсэн дээр хүнсний эрхийн бичиг авдаг иргэдийг сургалтад хамруулан, тэдэнд ажлын байрны санал тавина. Мөн тэднийг жилд хоёр удаа олон нийтийн ажилд (ургац хураалт гэх мэт) заавал оролцуулах нөхцөлийг журамд тусгажээ. Учир нь Засгийн газар Халамжаас хөдөлмөрт гэсэн бодлого баримталж байгаа юм.
Хүнсний эрхийн бичгийн үйлчилгээг дараах байдлаар шинэчлэгджээ:
- Иргэдэд цаасан талон биш, банкны карт олгоно.
- Зөвхөн шалгарсан дэлгүүр биш, кассын баримт өгдөг бүх дэлгүүрээр иргэд үйлчлүүлнэ.
- Ингэснээр тэдний хэрэглээг хянаж, улмаар дата өгөгдөл бүрдэн, дүн шинжилгээ хийх юм.