Экологийн цагдаагийн албанаас Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарал үүслийн бичиг, зохих тодорхойлолтгүйгээр 37 ширхэг тарвагыг бусдаас худалдан авч, хадгалж байсан иргэний үйлдлийг өнөөдөр илрүүлжээ.
Тус зөрчилд хяналт шалгалт хийж, хуульд заасан журмын дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлээд байгаа аж.
Мөн шалгалтын явцад хураагдсан тарвагыг ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийлгэн Зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгсөн байна.
Иргэд цахим хуудсаар дамжуулан хууль бусаар тарвага агнах, мах, түүхий эдийг худалдах, худалдан авах зөрчлийг ихээр үйлдэж байгаа тул хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.