2021 оны залуучуудын ДАШТ даваа гаригт ОХУ-ын Уфа хотод эхэлсэн юм. 50 кг-ын жинд зодоглосон өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Буэнос-Айрес-2018” залуучуудын олимпийн наадамд оролцож байсан, спортын мастер Б.Энхзул хагас шигшээд Туркийн Зехра Демирханыг 9:4-өөр ялснаар өнөөдөр буюу наймдугаар сарын 19-нд алтан медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр алтан медалийн төлөө АНУ-ын тамирчин Эмили Кинг Шилсонтой хүч үзнэ. Тэгвэл 76 кг жинд зодоглосон Ө.Одбаг хагас шигшээд Энэтхэгийн Бипашаг 9-4 харьцаагаар ялснаар хүрэл медалийн төлөө Казахстаны Дилназ Мулкиноватай барилдахаар болсон. Мөн 55 кг-д 2018 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Мөнхбатын Мөнхгэрэл 1/8 шигшээд Кыргызстаны Калмира Билибек Кызыд 4:6-гаар ялагдсан ч өнөөдөр дагаж барилдахаар болов. Тэрээр дагах барилдаанд АНУ-ын тамирчин Пейтон Жейн Струдтай барилдах бөгөөд ялбал хүрэл медалийн төлөө ОХУ-ын Анастасиа Иандушкинатай барилдана.
Эх сурвалж: Монголын чөлөөт бөхийн холбоо