"Токио 2020" зуны олимпийн наадамд Саиед Моллай амжилттай оролцон, мөнгөн медалийн эзэн болсон юм. Гэвч түүнийг Засгийн газар, МҮОХ түүнийг хүлээн авч уулзаагүй, ямар нэг дэмжлэг туслалцаа үзүүлээгүйд сэтгэл дундуур байгаагаа Саиед Моллай хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна. Харин энэ талаар биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц дараах тайлбарыг өглөө.
Тэрбээр "Засгийн газрын хуралдааны наймдугаар сарын 4-ний өдрийн тэмдэглэлд олимпоос медаль хүртсэн тамирчинд орон сууц олгох тухай тусгасан. Мөн мөнгөн медаль хүртсэн тамирчинд нэг удаагийн мөнгөн урамшуулал болох 60 сая төгрөг, түүнээс гадна сар бүрийн урамшуулал гурван сая төгрөгийг 2022 оны нэгдүгээр сараас олгох юм.
Наймдугаар сарын 25-ны өглөө 10:00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч тамирчдыг хүлээн авч уулзан, Саиед Моллай, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин, М.Уранцэцэгт Хөдөлмөрийн баатар цол гардуулна. Дараа нь 12:30 цагт Ерөнхий сайд хүлээн авч, урамшуулал, байрыг олгохоор товлосон байгаа" гэв.
Одоогоор Саиед Моллай Герман улсад байгаа тул түүнийг Монголд ирэх үед нь гавьяат тамирчин цолыг нь олгох юм байна. Мөн түүний дасгалжуулагч багшид Алтан гадас одон хүртээхээр төлөвлөж байгааг биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц мэдэгдлээ.