Хичээлийн шинэ жилийн элсэлт, бэлтгэл ажлын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Коронавирусийн цар тахал нь боловсролын салбарт хамгийн их нөлөөлж байгааг тэрбээр онцолсон. Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341.500 сурагч суралцах тооцоо гарчээ. Нэгдүгээр ангид элсэх 38.842 хүүхэд байна. Харин 694 цэцэрлэгт 114.908 хүүхэд хамрагдана. 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай яваа аж. Нэгдүгээр ангид элсэгчдийг www.parent.edu.mn цахим хаягаар 24 цагаар бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн I ангийн сурагчдын 34 хувь нь бүртгүүлээд байгаа аж.
2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтыг хийсэн гэнэ. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.
12-17 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Тэгвэл нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь I, 51 хувь нь II тундаа хамрагдаад байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл үргэлжилнэ. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15213 хүүхэд төгсөж байгаагаас 13.134 хүүхэд шалгалт өгөх юм.