Булган сумын Булган хилийн боомтоор одоогийн байдлаар 1,708,669.85 тонн нүүрс экспортлоод байгаа бөгөөд баруун бүсийн барилгын материалыг хангах гол боомтын хувьд бараа материал, ачаа тээврийн импортыг нэмэгдүүлэх зөвшөөрөл, зохицуулалт шаардлагатай байгааг Аймгийн Онцгой комиссоос Шадар сайдад дуулгасан юм. Мөн ОХУ-аас нийлүүлж буй шатахууныг Баян-Өлгий аймгийн Цагааннуурын боомтоос шууд Ховд аймаг руу тээвэрлэх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргуулах саналтай байгаагаа уламжлав. Ингэснээр тус аймагт шатахууны үнэ литр тутамдаа 100-150 төгрөг хямдрах боломжтой учраас Шадар сайдын зүгээс дээрх асуудлуудыг шуурхай шийдвэрлэхээ илэрхийллээ. “Цар тахлын үед эдийн засгаа дэмжих хүрээнд Хилийн боомтуудын үйл ажиллагааг эрчимжүүлж, экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх бодлого Засгийн газраас баримталж байгаа юм. Ялангуяа баруун бүсийг барилгын гол бараа материалаар хангах Булган боомтод халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулсны үндсэн дээр импортын ачаа тээврийг нэмэгдүүлэхэд УОК-оос ямар нэгэн хориг саад тавихгүй, харин ч дэмжих ёстой” хэмээн онцоллоо.
Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба