Төв аймгийн Эрдэнэ сумын тавдугаар багийн нутаг дэвсгэрт орших “Урт гозгор” гэх газарт “Эрдэнэ олово” нөхөрлөл нь хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.Мэдээллийн дагуу уг үйл ажиллагааг таслан зогсоох зорилгоор ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны алба хаагчид наймдугаар сарын 17, 18-ны өдрүүдэд хяналт шалгалт зохион байгуулсан байна. Шалгалтаар, “Эрдэнэ олово” нөхөрлөл нь уг талбайд 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын засаг даргатай засгийн газрын 2019 оны 355 дугаартай тогтоолыг зөрчиж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай 1/16 дугаартай гэрээ байгуулан техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдаж ашигт малтмал олборлосон байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ. Одоогоор 10 иргэнээс гэрчийн мэдүүлэг авч, шалгалтын үйл ажиллагаа явуулж байгаа талаар Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.