Есдүгээр сарын 1-ний өдөр цэцэрлэгт дөрөв болон таван настай хүүхдүүдийг элсүүлэх бөгөөд анги дүүргэлт 25 байхаар зохицуулсан талаар БШУЯ-наас мэдээлсэн юм. Харин хоёр болон гурван настай хүүхдүүдийг цар тахлын нөхцөл байдлын үнэлгээ хийсний дараа үе шаттайгаар элсүүлнэ гэсэн юм. Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахад "Өмнө нь цэцэрлэгт явж байсан, үргэлжлэн суралцах дөрөв болон таван настай хүүхдүүдийн бүртгэлийг ангийн багш нар нь цахимаар хийж байгаа бол шинээр элсэх дөрөв, таван настай хүүхдүүдийг наймдугаар сарын 16-наас 24-ний хооронд цэцэрлэг дээр бүртгэж байна" гэлээ. Дөрвөн настнуудын дунд цэцэрлэгт сул орон тооны квот зарлаж, тэр тоондоо багтаагаад шинээр элсэх хүүхдүүдийг бүртгэх боломжтой бол таван настнуудыг бүгдийг нь хамруулах зорилт тавьжээ.