Манай улс энэ жил нийт 616 мянган га-д ургац тариалалт хийж, төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн байна. Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт тав, зургадугаар сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой байна. ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ “Урьдчилсан тооцоо судалгаагаар энэ жилийн хувьд улаанбуудайн хэрэгцээг дотооддоо бүрэн хангах боломж бүрдээд байна. Тариаланчдын уйгагүй хөдөлмөрийн дүн ийнхүү гарлаа. Гэвч ойрын өдрүүд болоод энэ сарын сүүлээр цочир хүйтэрнэ гэсэн цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан тул ургацаа бүрэн авахын тулд дор бүрнээ хичээх хариуцлагатай өдрүүд өмнө ирлээ. Ургац хураалтын ажилд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж, ургац тээвэрлэх зам, гүүрийн эвдрэл, гэмтлийг засварлах ажлыг цаг алдалгүй хийж эхэлсэн байна. Мөн энэ 7 хоногт ургацын урьдчилсан баланс гарч, ирэх сарын 15-наас ургац хураалтын ажил эхэлнэ. Энэ хүртэл цаг агаарын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хөдөлмөрийнхөө үр шимийг алдагдал хорогдолгүй хүртэхийн төлөө хичээж, ургацаа бүрэн авахыг уриалж байна" гэв.