Шадар сайд С.Амарсайхан Увс аймагт ажиллах үеэрээ 50 ортой Хүүхдийн эмнэлгийн барилгын явцыг шалгамлаа. 2019 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар олон улсын стандарт бүхий 50 ортой хүүхдийн эмнэлэг барихаар “Цомбон тоосго” ХХК барилгын ажлыг эхлүүлжээ. Явц нь 95 хувьд хүрсэн ч Улсын комисс ашиглалтад хүлээж авалгүй өнөөг хүрчээ. Учир нь тус барилгын эрчим хүчний эх үүсвэр генератор 45 кВт хүчин чадалтай байх ёстой ч 35 кВт болгож бууруулсан, дэд бүтцийн зарим шугам, бохирын асуудлыг шийдвэрлээгүй, зураг төслийн дагуу хоёр цахилгаан шаттай гүйцэтгээгүй зэрэг шалтгаанаар гүйцэтгэгч компанид үлдэгдэл төсвийг олгоогүй байна. Шадар сайд С.Амарсайхан “Цар тахлын үед орон нутагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иймд үлдэгдэл хөрөнгийг Засгийн газраар шийдвэрлүүлэхэд анхаарч ажиллана. Харин орон нутгийн удирдлагууд, барилгын компани харилцан уялдаатай ажиллаж, өөрсдөөс шалтгаалах бүхнийг нэн түрүүнд хийж, 50 ортой эмнэлгийн барилгыг Улсын комисст гурав хоногийн дотор хүлээлгэн өгөх хэрэгтэй” хэмээн хугацаат үүрэг даалгавар өглөө.