Эрдэнэс Тавантолгой компанийн ажилчид Б.Болдсайхан эмчийн “Зүрх мартахгүй” төсөлд 150 сая төгрөгийг хандивлажээ. Энэ нь 22 хүүхдийн хагалгааны зардал болох юм. Зүрхний төрөлхийн гажиг дэлхий нийтэд түгээмэл тохиодог бөгөөд Монгол улсад ч мөн мэс засалд зайлшгүй орох шаардлагатай зүрхний гажигтай хүүхэд олон байдаг байна. Гэвч санхүүгийн байдлаас, мөн ийм төрлийн мэс заслыг тогтмол олноор нь хийх боломжгүйн улмаас олон хүүхэд удаан хүлээх хэрэгтэй болж, эсвэл гадаадаас эмч, тусламжийн баг ирэхийг хүлээдэг байсан юм. Харин энэ байдалд гэгээ авчирсан нэгэн сайхан үйл явдал болж “Зүрх мартахгүй” төслийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг өнгөрсөн оны тавдугаар сард эхлүүлж, маш олон хүмүүсийн тусламж дэмжлэгтэйгээр зүрхний гажигтай хүүхдүүдийг эмчилсэн юм. Түүнчлэн төсөл эхэлснээс хойш 9 удаа хөдөө орон нутагт үзлэг зохион байгуулж 1000 гаруй хүүхдэд зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийсэн бөгөөд 170 гаруй бяцхан зүрхэнд амьдрал бэлэглэжээ.