Өнгөрсөн /2021.08.23/- ны шөнө Өмнөд Солонгосын өмнөд хэсэгт “Омаис” гэх хар салхи дэгдэж, үер усны аюул нүүрлэсэн байна. Үүний улмаас оршин суугчид тог цахилгаангүй болсон байна. Байшин барилга, зам гүүрүүд үер усанд автаж, аюул эрсдэл ихтэй бүс нутгаас 10 мянга гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Энэ талаар “YTN” телевизийн суваг мэдээлэв.
Мэдээллээс харахад, аялал жуулчлалын бүс нутаг Чэжү арал дээр 219 мм-ийн, харин боомт хот Бусанд 159 мм-ийн хур тунадас унажээ.
Салхи 19 м/с-ийн хурдтай байсан гэнэ. Бусан болон Үлсан хотуудад 220 гаруй айл өрх тог цахилгаангүй өнжсөн байна. Үерт автсан дүүргүүдэд гал хамгаалагчдын баг ажиллаж, 11 хүнийг аварсан байна. Азаар, хүний амь эрсдсэн тухай мэдээлэл одоогоор ирээгүй байна.
Хар салхины улмаас 86 агаарын нислэг цуцлагджээ. Цаг уурчдын мэдээлснээр, нутгийн өмнөд дүүргүүдэд өнөөдрийн /2021.08.24/ мягмар гарагийн байдлаар хур тунадас үргэлжлэн орно гэжээ.
(Эх сурвалж: tass)