Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар улсын болон хувийн хэвшлийн 2,528 эрүүл мэндийн байгууллагатай гэрээ байгуулжээ. Үүнээс төрийн өмчийн 72, хувийн хэвшлийн 190, рашаан сувилалын 43, эмийн сангийн 1700, өрх, сум, тосгоны 523 эрүүл мэндийн байгууллага байна.
Иргэн-даатгуулагчид эрүүл мэндийн 16 төрлийн тусламж, үйлчилгээг төрийн өмчийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдээс гадна хувийн хэвшлийн гэрээт эмнэлгүүдээс авч, даатгалын хөнгөлөлт эдлэх боломжтой болсон юм. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулсан ЭМБ-аас тусламж, үйлчилгээг авахдаа ЭМД-ын сангаас төлбөрийн хөнгөлөлт эдэлдэг байна. Харин тухайн байгууллага буцаан олголтыг хуулийн хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргах боломжтой тухай ЭМДЕГ-аас мэдээллээ. ЭМДЕГ-аас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулсан боловч иргэн, даатгуулагчдаас тусламж, үйлчилгээний зардлыг гаргуулсан, гэрээг хэрэгжүүлэн ажиллаагүй зөрчлүүдийг гаргасан эрүүл мэндийн байгууллагуудад газар дээр нь хяналт, шалгалтын ажлыг явуулж байгаа аж. Мөн гэрээт байгууллагуудын зөрчлөөс хамааран гэрээг түр хугацаанд түдгэлзүүлэх, санхүүжилтийг хасах улмаар цуцлах хүртэлх арга хэмжээг авах юм байна.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний зардлыг өөрөөс гаргасан тохиолдолд эрүүл мэндийн даатгалын тухайн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8-д заасны дагуу тухай Эрүүл мэндийн байгууллагад үйлчлүүлсэн төлбөрийн баримтыг хавсарган өргөдөл гарган тусламж, үйлчилгээний зардлыг 30 хоногт буцаан авах боломжтой.