Эдийн засаг нь гиперинфляцид нэрвэгдээд байгаа Венесуэл улсын Засгийн газар газрын тосоор хүнс солилцох гэрээ байгуулсан талаар “Reuters” агентлаг мэдээллээ.
Тухайлбал, 2020 оны арванхоёрдугаар сард Венесуэлийн төрийн өмчит нефть олборлогч “PDVSA” компани ойролцоогоор 260 сая ам.долларын үнэ бүхий 6 сая баррель түүхий газрын тосыг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээр солилцох гэрээг далайн тээврийн “Supraquimic C.A.” компанитай байгуулсан байна. Улмаар хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд хүнсний дэмжлэг олгох Засгийн газрын хөтөлбөрт зориулахаар төлөвлөсөн аж.
Гэвч Венесуэлийн прокурорын байгууллага өнгөрөгч гуравдугаар сард “PDVSA” компанийн хоёр удирдах албан тушаалтанд “Supraquimic C.A.”-тай байгуулсан гэрээнээс орлого завшсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлснээр хэлэлцээ цуцлагдсан байна.
Гэхдээ газрын тосоор хүнс бартердах Венесуэлийн Засгийн газрын энэхүү алхам нь олон жилийн турш хямрал үргэлжилсэн тус улсын эдийн засагт валютын хомстолд ороод байгаагийн тод илрэл юм. Венесуэл улс өнгөрөгч онд валютын нөөцгүй болсны улмаас БНХАУ-д төлөх ёстой байсан 19 тэрбум ам.долларын өрөө газрын тосоор төлсөн. Түүнчлэн өнгөрөгч гуравдугаар сард тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро ОХУ болон БНХАУ-аас “COVID-19”-ийн эсрэг вакциныг газрын тосоор худалдан авах санал тавьж байв.
Эх сурвалж: Reuters