БЗД-ийн 18 дугаар хорооны 84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон граашийг буулгах ажлыг эхлүүлжээ. Энэ талаар БЗД-ийн газрын албаны ахлах мэргэжилтэн Д.Энхтөр хэлэхдээ "Дуудлага худалдаа зарлаж грааш бариагүй. Ямар ч нөхөн төлбөр яригдахгүй. Зөвшөөрөлгүй газарт нөхөн олговор олгох хуулийн заалт байхгүй. Грааш эзэмшигч иргэд газар ашигласны төлбөр 10 гаруй мянган төгрөгийг жил бүр төлдөг байсан. Хоёр жилийн өмнөөс тухайн төлбөрийг авахаа больсон юм. 84 дүгээр сургуулийн өмнөх 53 тоосгон граашыг буулгаж, ногоон байгууламж, авто зогсоол, явган хүний зам барина. Граашуудыг буулгасны дараа дүүргийн тохижилт үйлчилгээний хэлтсээс дараагийн ажлаа эхэлнэ. Тухайн объект дээр шаардах хуудас наасан. Грааш эзэмшигч иргэд ямар нэгэн бүртгэлгүй учраас хүн бүртэй холбогдох боломжгүй. Эд хөрөнгийг бүртгэлжүүлж аваад газар чөлөөлөх үйл ажиллагааг зохион байгуулж байна" хэмээн тайлбар хийлээ.