Дулааны улиралд ажлын бүтээмжийг сайжруулах , авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлыг зуны улиралд 08:00 цагаас эхлүүлэх тухай шийдвэр гурав дахь жилдээ хэрэгжиж буй юм. Уг шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил есдүгээр сарын 1-нээс 09:00-18:00 цагийн хуваарьт шилждэг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагууд тогтмол 08:00-17:00 цагт ажиллахаар боллоо. Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах зорилтын хүрээнд нийслэлийн засаг дарга бөгөөд улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар захирамж гаргаж шийдвэрлэсэн байна. Энэ цагийн хуваарийг нийслэл, дүүргийн ИТХ-ын ажлын алба, нийслэл, дүүрэг, ЗДТГ, улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харьяа газар, нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд мөрдөх юм.