2021-2022 оны хичээлийн шинэ жил цахим болон танхимын гэсэн хосолмол хэлбэрээр эхэллээ. Боловсролын байгууллагууд эхний ээлжид хоёр жил орчим хугацаанд цахимаар хичээллэсэн сурагчдын хоцрогдлыг арилгахад анхаарч ажиллах юм.БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ "Хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөр эхэлж байгаа. Нэгдүгээрт, хоцрогдлыг танхимаар нөхөхөөр зорьж байна. Монгол улсын хэмжээнд 180 гаруй мянган хүүхэд цахилгаан, интернет, гар утасгүй байна гэх судалгаа гарсан юм. Энэ хүүхдүүдэд зөвхөн компьютер, гар утас өгөөд хоцрогдлыг нөхөх боломжгүй. Тэгэхээр танхимын хичээлээр нөхөх нь зүйтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт тэтгэвэрт гарсан багш нартай хамтарч ажиллахаар хөтөлбөрт багтаасан. Зөвхөн энэ намрын асуудал биш учраас гурван жилийн хугацаанд хичээлийн хоцрогдол нөхөх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Мөн цаашид бүх сургууль, цэцэрлэгийн интернетийн хурд, шилэн кабелын холболтыг одоо байгаагаас гурав дахин өндөр хэмжээнд хүргэх ажлууд хийгдэж байгаа” гэж мэдээллээ.