БШУЯ болоод Багшийн хөгжлийг дэмжих боловсрол сан хамтран зохион байгуулсан үндэсний шилдэг багш шалгаруулалт амжилттай явагдлаа. Энэхүү шалгаруулалтыг дэлхийн шилдэг багш шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёрдугаар шатанд шалгарсан 10 багшийн материалыг дэлхийн шилдэг багш шалгаруулалтад илгээх юм. Үндэсний шилдэг багш шалгаруулалтад Монгол улсын 21 аймаг, 9 дүүргээс нийт 630 багш материалаа ирүүлснийг салбартаа манлайлагч, нэр хүнд бүхий есөн шүүгч үнэлгээ хийн онооны эрэмбээр шалгаруулсан юм. Шүүгчдийн бүрэлдэхүүнд ардын багш Ц.Өнөрбаян, боловсрол, шинжлэх ухааны яамны бага, дунд боловсролын газрын мэргэжилтэн С.Болормаа, “Шинэ эрин” ОУ-ын сургуулийн захирал, МУ-ын зөвлөх багш Б.Амартүвшин, МУИС-ийн математикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор А.Амарзаяа, боловсролын хүрээлэнгийн захирал, доктор П.Лхагвасүрэн, сэтгэл зүй хүний хөгжлийн шинэ эхлэл НҮТББ-ын гүйцэтгэх захирал Т.Хонгорзул, багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн сургалтын албаны дарга Д.Энхтулга, “Мандах” их сургуулийн захирал, доктор, дэд профессор Ч.Төрбадрах, Глобал удирдагч их сургуулийн захирал Б.Отгонбат нар ажиллажээ.