Парламентын ойн өдөрт зориулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүллээ. Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдөрт зориулсан Монгол улсын их хурлын даргын мэндчилгээ.Монголынхоо нийт ард түмэнд, үе үеийн парламентчиддаа Монгол улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан өдрийн баярын мэндчилгээ өргөн дэвшүүлье. Парламентын засаглалыг Монгол түмэн өөрийн цэцэн оюун, чин эрмэлзэл, гүн хүндэтгэлийг шингээж, үндсэн хуулиараа сонгон тунхагласан учраас парламентын өдөр бол Монголын нийт ард түмний баярын өдөр юм.1990 онд явагдсан бүх ард түмний чөлөөт, ардчилсан сонгуулийн үр дүнгээр монголчууд түүхдээ анх удаа байнгын ажиллагаатай парламент буюу Улсын Бага Хурлыг байгуулж, 1990 оны есдүгээр сарын 13-ны өдөр анхдугаар чуулганаа зарлан хуралдуулсны 31 дэх жилийн ой өнөөдөр тохиож байна. Төр бол хэн нэгэн буюу хэсэг бүлэгт оногдсон эрх мэдэл, хүч чадал биш билээ. Харин “Төр бол хууль юм” гэсэн үг бий. Тиймээс эх орныхоо, ард түмнийхээ эрх ашгийг дээдэлсэн хуулийг тогтоож, иргэдтэйгээ хамтран түүнээ ягштал хэрэгжүүлж, хэлбэрэлтгүй сахиулж чаддаг байх нь улс үндэстэн, парламентат ёс тогтвортой оршин тогтнохын үндсэн дархлаа юм. Тиймээс түүхэн энэ өдрийг ташрамдуулан Монгол Улсынхаа гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг нийт ард түмэндээ хандан уриалъя. Монголын төр мөнх оршиж, монгол айл өрх, хүн бүрийн амьдрал дүүрэн жаргалтай байх болтугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР