Ковид19 халдварын эмчилгээнд эмчийн заавраар хэрэглэж буй "Арбидол" эмийн талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өгсөн юм.
Тодруулбал тэрээр "Арбидол эмийг вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Саяхан коронавирусийн эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан.
"Арбидол" эмийг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. "Арбидол"-ыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй.
Манай улс энэ сарын 6-ны өдөр удирдамжаа шинэчилсэн. Ийнхүү шинэчлэхдээ "Арбидол" эмийг коронавирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэнэ гэсэн ангиллаас гаргаад ерөнхий ангилал руу оруулсан. Ингэснээр тус эмийг коронавирус болон томуу, томуу төст өвчний үед зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ.
Эмийн тун хэмжээг тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэл бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар хэрэглэнэ" гэлээ.