Мэргэжлийн хяналтын байгууллага халдвар хамгааллын дэглэм сахиулах, ариутгал халдваргүйжүүлэлт, вакцинжуулалт зэрэгт хяналт тавин ажиллаж байна. Мөн зөрчил гаргасан байгууллагуудад хариуцлага тооцох биш, зөрчлийг газар дээр нь арилгуулах, зөвлөн туслах, сануулах арга хэмжээг авч байгаа юм. Харин “Улбар шар” түвшний үед хязгаарласан үйл ажиллагааг зохион байгуулах, хариуцлагын гэрээ дэх заалтыг удаа дараа зөрчсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээг авах юм. Энэ сарын 1-нээс эхлэн улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газрын хамтарсан баг бүрэлдэхүүн улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй хоол үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад “Коронавируст халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах түр журам” тусгай нөхцөл шаардлагын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлыг зохион байгуулж байна.