Монгол улсаас куб улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Батцэцэг энэ сарын 14-ний өдөр Кубийн нийслэл хавана хотын засаг даргын тамгын газрын соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын асуудал хариуцсан дэд дарга Татиана Виера Эрнандес болон албаны бусад хүмүүстэй уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар болон хавана хотуудад соёлын арга хэмжээг харилцан зохион байгуулах асуудлаар санал солилцжээ. Тухайлбал Монгол, Куба үндэстний хувцас, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх тусгай нэвтрүүлэг бэлтгэн, арван хоёрдугаар сард Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 61 жилийн ойн өдөр олны хүртээл болгохоор төлөвлөж байгаа аж. Түүнчлэн 2022 онд Монголын уран зураачдын үзэсгэлэнг Кубын дүрслэх урлагийн үндэсний музейд гаргах, Хавана хотын түүхэн дурсгалт газруудад Монголын нүүдлийн “ГЭР ТӨВ” ажиллуулж, хотын иргэдэд Монголын түүх, соёл, аялал жуулчлалын мэдээллийг таниулах зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон байна.