Манай улс нийт 112,412.2 км авто замын сүлжээтэй. Үүнээс 14,918 км нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 50 хувь нь хатуу хучилттай замаар ашиглагдаж байна. Авто замын салбарт 2021 онд улсын төсөв, гадаадын зээл төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 95 чиглэлийн 1,702.7 км хатуу хучилттай авто замын барилга, их засвар шинэчлэлтийн ажил 15 байршилд 1,338.6 у/м төмөрбетон болон модон гүүрний барилга, их засвар, шинэчлэлтийн ажил хэрэгжиж байгааг ЗТХЯ-ны авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б.Минжбадам хэллээ. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 57.56 км хатуу хучилттай авто замын их засварын ажлыг гуравдугаар сард эхлүүлсэн байна. Энэхүү зам нь баруун таван аймгийг нийслэл хоттой холбох улсын чанартай авто замын гол чиглэл юм. Энэ ажил эхэлсэнтэй холбоотойгоор олон нийтийн тандалт судалгаа хийхэд их эерэг санал авсан байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам дээр хоёр төсөл хэрэгжиж байгаа. Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй бүтээн байгуулалтын ажил 60%, Европын сэргээн босголт хөгжлийн банкны зээлээр хэрэгжиж байгаа Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажил 22%-тай байна. Дөрвөн эгнээ болгох ажлыг 2020 оны гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн бөгөөд талбайд 1,386 хүн, 674 машин механизм тоног төхөөрөмж ажиллаж, гүүр хоолой, зурвас газрын хөрс хуулах далан байгуулах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.