Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам 48 дахь өдрөө төлөвлөсний дагуу есдүгээр сарын 17-ны өдөр бариандаа орлоо. Хэт холын зайн гүйлтийн замд наймдугаар сарын 1-ний өдөр гараанаас гарч, төлөвлөсөн хуваарийн дагуу өдөр бүр гүйсээр Монгол Улсын хойд хилийн багана Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтын 652 дугаар тэмдэгт хүртэл 1047 км замыг туулан бариандаа орсон байна.
Ахлах ахлагч Т.Рэнцэнбадам “Урд хилийнхээ эрхэм сүлдэт баганаас хойд хилийнхээ эрхэм сүлдэт багана тандаа ирлээ. Хилчин охин нь чадлаа” хэмээн илтгээд 3 минут сүлдэт баганадаа хүндэтгэл үзүүлж ёсолжээ.