Тавантолгой түлш ХХК сайжруулсан шахмал түлшний борлуулалтаа өчигдөр буюу есдүгээр сарын 27-ноос эхлүүлээд байна. Нийслэлийн хэмжээнд энэ жил борлуулалтын 600 цэг ажиллаж түлш худалдаална. Үүнээс эхний ээлжид 40 цэгийн үйл ажиллагааг эхлүүлжээ.
Цаг агаар хүйтэрч, цас орсонтой холбогдуулан гэр хорооллын айл өрхүүдэд түлшний хэрэгцээ үүсжээ. Улмаар шахмал түлш борлуулах цэгт дараалал үүссэн байна. Борлуулалтын цэгүүд зохион байгуулалт хийх үүднээс өглөө эрт ирж оочерлосон иргэдэд дугаар тарааж байгаа аж. Ингээд дугаар авсан нэг өрхөд зургаа хүртэлх шуудай түлш худалдаалж байна.
Таван толгой түлш ХХК нийслэл дэх агуулахуудад нөөц бүрдүүлэх үүднээс борлуулалтын цэгүүдэд өдөрт 400 шуудай буюу 10 тонн түлшийг нийлүүлж байгаа аж. Нэг шуудай шахмал түлшний үндсэн үнэ 3750 төгрөг. Засгийн газрын шийдвэрээр үндсэн үнийг 50 хувиар хямдруулж 1875 төгрөгөөр худалдаалж буй юм.
Иргэдийн хувьд карт баталгаажуулах тал дээр хэнэггүй хандаж байна. Карт бүртгэлгүй, картаа гээсэн, гэмтсэн зэрэг асуудал ярьж ирэх хүн олон байдаг байна. Картаа баталгаажуулаагүй бол нэг шуудай ч шахмал түлш худалдах боломжгүй" гэнэ. Айл өрхүүд "Таван толгой түлш" ХХК-ийн 70119400 утсанд холбогдон картаа баталгаажуулах боломжтой юм. Шинээр карт авах бол аравдугаар сарын 1-ээс эхлэн олгож эхлэх юм байна.