Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадгаас 95 хувийг ОХУ, 5 хувийг БНХАУ-аас худалдан авч байна. Манай шатахууны гол ханган нийлүүлэгч ОХУ-ын “Роснефть” компани Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрт ээлжит техникийн засвар, үйлчилгээ хийгдэж буй шалтгаанаар энэ сард Монгол Улсад нийлүүлэх Аи-92 автобензиний захиалгыг 70 орчим хувиар бууруулсан. Энэ нь шатахууны хангамжийн тогтвортой байдалд нөлөөлж, Аи-92 автобензиний тасалдал, хомсдол үүсгэсэн гэж албаныхан тайлбарлаж буй юм.
Аи-92 автобензиний хангамжийг бусад эх үүсвэрээс хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд БНХАУ-ын “Петрочайна Интернэйшнл” ХХК-ийн Хөх хотын газрын тос боловсруулах үйлдвэрээс 43,440 тонн шатахуун (автобензин 33.300 тонн, дизелийн түлш 10.140 тонн) шатахуун худалдан авах захиалга өгчээ.
Үүний үр дүнд Хятадын тал Монгол Улс руу шатахуун тээвэрлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.
Есдүгээр сарын 27-ноос 30-ны өдрүүдэд ОХУ болон БНХАУ-аас нийт 9750 орчим тонн АИ-92 автобензин орж ирэх ба энэ манай улсын АИ-92 автобензиний ердийн найм хоногийн нөөц юм.