УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд санал өгөх иргэд коронавируст халдварын улмаас эмчлүүлж байгаа болон тусгаарлагдаж буй иргэд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгнө.
Тодруулбал, халдвар аваад гэрээр эмчлүүлж байгаа иргэд өөрийн харьяа хэсгийн хороондоо утсаар, тусгаарлагдсан болон эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа сонгогч тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд ирэх сарын 6-ны 17.00 цагаас өмнө хүсэлт гаргах ёстой гэдгийг СЕХ-ноос мэдээлэв.
УИХ-ын нөхөн сонгуульд Хэнтий аймгийн 18 сум, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 хороо (7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 21, 23, 25, 27, 28, 29, 30, 31, 38, 39, 40, 42, 43 дугаар хороо)-ны сонгогчид оролцож, саналаа өгнө.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.
Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.