Агаараар энэ оны эхний 8 сард 2.9 мянган тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мянган тонноор буюу 62.2 хувиар нэмэгдсэн байна.
Агаараар мөн хугацаанд дотоодод 15.3 тн ачаа тээсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 38.5 тонноор буюу 71.6 хувиар багаслаа. Харин олон улсад тээсэн ачаа 2.9 мянган тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.1 мянган тонноор буюу 66.4 хувиар нэмэгдэв. Өнгөрсөн наймдугаар сард агаарын тээврээр тээсэн ачаа 440.2 тн болж, өмнөх сарынхаас 45.9 тонноор буюу 9.4 хувиар багассаныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.
Агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 8 сард 93 мянга (давхардсан тоогоор) болж, өмнөх оны мөн үеийнхээс 269.8 мянган хүнээр буюу 74.4 хувиар багаслаа. Агаарын тээврээр зорчигчид 8 дугаар сард 19.1 мянга болж, өмнөх сарынхаас 3.6 мянган хүнээр буюу 22.8 хуваир нэмэгдсэн байна.
Үүнд:
- Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн зорчигч 74.9,
- Улаанбаатар-Оюутолгой чиглэлийн зорчигч 34.3 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Орон нутагт агаарын тээврээр зорчигчид энэ оны эхний 8 сард 52.2 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 163.2 мянган хүнээр буюу 75.8 хувиар багаслаа.
Үүнд:
- Улиастай чиглэлийн зорчигч 88.8
- Оюутолгой-Даланзадгад чиглэлийн зорчигч 86.7
- Улаангом чиглэлийн зорчигч 83.8 хувиар багассан нь нөлөөлжээ. Түүнчлэн, олон улсад агаарын тээврээр зорчигчид дээрх хугацаанд 40.8 мянган хүн болж, өмнөх оны мөн үеийнхээс 106.6 мянган хүнээр буюу 72.3 хувиар багассан байна.
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого энэ оны эхний 8 сард 108.7 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 тэрбум төгрөгөөр буюу 1.6 хувиар багаслаа. Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого өнгөрсөн 8 дугаар сард өмнөх сарынхаас 1.6 тэрбум төгрөгөөр буюу 9.2 хувиар нэмэгдэж, 19 тэрбум төгрөг болжээ.
Үүнд дотоодын нислэгийн зорчигч 19.1, олон улсын нислэгийн зорчигч 25.9 хувиар нэмэгдсэн нь нөлөөлжээ.