Норвегийн Осло хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ний 125 кг-ын жинд “Токио-2020” олимпын тавдугаар байрын шагналт, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын болон 23 хүртэлх насны Азийн дэд аварга, үндэсний шигшээ баг, “Даян” дэвжээ, “Жем Интернэшнл” компанийн тамирчин ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл Монголын багийн анхны хүрэл медалийг авлаа.
М. Лхагвагэрэл өчигдөр шөвгийн наймын шигшээд дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн алдарт бөх Гено Петриашвилид оноогоор цэвэр ялагдсан ч өнөөдөр дагах барилдаанд Австрийн Йоханнес Людуширыг 4:0-ээр, хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Азийн аварга, Казахстаны туршлагатай бөх Олег Болтиныг 5:3-аар ялав.
Монголын хүнд жингийн бөхчүүдээс насанд хүрэгчдийн ДАШТ-д ОУХМ Ж.Чулуунбат 2011 онд Бакуд, 2015 онд Лас-Вегаст, Н.Золбоо 2017 онд Парист хүрэл медалийн төлөө хүч үзэж хараахан медаль хүртэж чадаагүй байсан. Тэгвэл М.Лхагвагэрэлд жиндээ анх удаа бусад тамирчдын авч чадаагүй медалийг эх орондоо авчирлаа.