Гаалийн ерөнхий газраас гаалийн байгууллагын зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар хэвлэлийн бага хурал хийлээ.
Гаалийн байгууллагын хэмжээнд оны эхний есөн сарын байдлаар 776 удаагийн гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна. Үүнээс 739 зөрчил илрүүлж, 30 зөрчилд хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийжээ. Мөн 7 зөрчлийг шалгуулахаар харьяаллын дагуу шилжүүлсэн байна.
Дээр дурдсан 776 зөрчилд
- 2.1 тэрбум төгрөгийн татвар нөхөн төлүүлсэн
- 1.2 тэрбум төгрөгийн торгууль шийтгэл оногдуулсан
- 37.9 сая төгрөгийн барааг улсын орлого болгохоор түр саатуулсан
- 56.8 сая төгрөгийн үнэ бүхий барааг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд түр хураасан байна.
Ердийн үед гаалийн байгууллагад 2,500-4,000 орчим зөрчил илрүүлж, 10 орчим тэрбум төгрөгийн торгууль шийтгэл тавигддаг байсан бол Цар тахлын улмаас хяналт шалгалтыг хязгаарласнаар зөрчил илрүүлэлт өмнөх жилүүдийнхээс буурсан үзүүлэлттэй байгаа талаар ГЕГ-ын зөрчил хянан шийдвэрлэх, хэрэг бүртгэлтийн албаны дарга Б.Сүхбаатар мэдээллээ.
Мөн гааль, тагнуулын байгууллагын хамтарсан шалгалтын дүнд алт, үнэт эдлэлийн гаалийн бүрдүүлэлт, зөрчил илрүүлэлт эрс нэмэгдэж байна. Энэ оны наймдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний өдрийн хугацаанд Турк улсаас 50.5 кг аль, монет, мөнгөн эдлэл, Энэтхэг улсаас 4.1 кг мөнгөн эдлэл, Солонгос улсаас 5.9 кг аль, монетан эддэлийг Монгол Улсын 18 иргэн импортолж 21 удаагийн гаалийн бүрдүүлэлтээр нийт 171.3 сая төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлсэн.
Эдгээрээс дурдвал, БНСУ-аас ирсэн зорчигч Монгол Улсын хилээр нэвтрэхдээ биедээ авч явсан их хэмжээний алт, үнэт эдлэлийг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй, татвар төлөхөөс зайлсхийсэн зөрчилд холбогдох 5.9 кг алт, монетан эдлэлд 30.9 сая төгрөгийн татвар нөхөн төлүүлж, 15.4 сая төгрөгийн торгууль ногдуулж шийдвэрлэсэн байна.