Өнөөдрийн байдлаар цар тахлын эмчилгээ, үйлчилгээнд 2200 гаруй эмч, ажилтан ажиллаж байна.
Гэсэн хэдий ч эрүүл мэндийн салбарт хүний нөөцийн хомсдол үүсээд байгаа юм. Тиймээс иргэдийг коронавирусийн халдварын тандалт, хариу арга хэмжээ, дархлаажуулалтын багт сайн дураараа ажиллахыг уриалж байна.
Нийт 910 ажлын байр байгаа бөгөөд өдрийн 50 мянган төгрөгийн цалинтай ажиллах боломжтой. Одоогийн байдлаар коронавирусээр халдварласан 38 мянга гаруй иргэн гэрийн тусгаарлалтад, өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байна. Тиймээс эдгээр иргэнд утсаар мэдээлэл өгөх, эм савлах, эм хүргэх болон гэрээсээ хийх боломжтой ажлууд бий. Мөн тухайн өрхийн эмнэлгийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажил байгаа юм. “Сайн дурын ажилчдыг улаан бүсэд ажиллуулахгүй” гэдгийг НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн тусламж хариуцсан орлогч, НОК-ын Шуурхай штабын Ажиллагааны багийн дарга Ж.Отгонболд хэллээ.
Мөн БЗД-ийн тавдугаар хороо 25 мянга гаруй иргэнтэй. Тус өрхийн эрүүл мэндийн төвийн амбулаторийн үзлэг ачаалал ихтэй байгаа бөгөөд нэг эмч өдөрт дунджаар 40-60 хүнд үзлэг хийж байна. Тус өрхийн эрүүл мэндийн төв 4-5 төрлийн эмийн багц бэлтгэж, коронавируст халдвар батлагдсан иргэдэд түгээж байгаа юм. Тухайлбал, 6 хүртэлх нас, 6-12 насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан багц бэлтгэжээ. Тус хороонд сайн дурын гурван ажилтан ажиллаж байгаа бөгөөд ажил өглөө 8:30 цагт эхэлж, зарим өдөр 23:00 цаг хүртэл ажиллах тохиолдол гардаг байна. Тиймээс цар тахлын хүнд үед иргэдийг ухамсартай байхыг уриалж, сайн дураар ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна.