Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлд эдийн засгийн өсөлт 3.7-8 хувийн хооронд гарна гэж үзсэн байна.
Эдийн засгийн өсөлтийг уул уурхайн бус салбарын өсөлт хангахаар байгаа юм. Ирэх онд “Оюу Толгой” төслийн зэсийн баяжмал, түүний алтны агууламж буурах хүлээлттэй байгаа нь уул уурхайн үйлдвэрлэл буурахад нөлөөлнө гэж үзсэн байна.
Харин бусад салбарын хувьд уналтаас эргэн сэргэж, хэвийн түвшиндээ хүрэх, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт, ялангуяа “Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дотоод эрэлт сэргэж, уул уурхайн бус салбар эрчимжинэ гэж үзжээ.
Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлд төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэх хүлээлттэй байна.
Цар тахлын үед Сангийн яам болон Монголбанкнаас төсөв, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлсэн юм. Цар тахлын хямралын үед буюу 2020 онд төсвийн бодлогын төлөв 9.1 хувиар суларсан байна. Харин 2022 онд 3.6 хувиар чангарах төлөвтэй байгааг Монголбанк мэдээллээ.