Норвегийн Осло хотноо үргэлжилж байгаа чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэй 62 кг жинд хүч, ур чадвараа сорьсон Э.Гантуяа багийнхаа 3 дахь хүрэл медалийн эзэн боллоо.
Тэрбээр өчигдөр/2021.10.05/ эхний барилдаанаа дэлхийн аваргын хүрэл медальт, Пан Америкийн наадам болон Пан Америкийн аварга АНУ-ын тамирчин Кайл Мираклтай хийж, 4:14-өөр ялагдсан ч дагах барилдаандаа энэ жилийн залуучуудын дэлхийн болон Европын аварга Оросын бөх Алина Касабиеваг 12:8-аар ялсан юм. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Пан Америкийн аваргын хоёр алт, гурван мөнгө, нэг хүрэл медальт Бразилын тамирчин Лаис Нуньес Де Оливейратай тун хүнд барилдаан хийж 7:6-гаар ялав.
Медаль авсныхаа дараа Э.Гантуяа хэлэхдээ “Үнэхээр гоё байна. З.Дүвчин багш, шигшээгийн багш нартаа маш их баярлалаа. Зөндөө л багшийн хүчинд өдий хүрсэн. Ах эгч, хамаатан садан, Төв аймгийн Батсүмбэр сумынхандаа маш их баярлалаа"