Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Шахмал түлшний асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх танилцуулав.
Тэрээр сайжруулсан шахмал түлшний 71 мянган тонн нөөц байна гэв. Энэ нь өнгөрсөн өвлийн тоон хэмжээнээс илүү гэсэн юм.
Шахмал түлшний барьцалдуулагчийн нэг сарын нөөц байна. Иймд шахмал түлшний хомстол үүссэн гэх нь буруу. Борлуулах цэгийн тоо бага байсан, хүйтэрсэний улмаас иргэд нөөцөлж эхэлсэн. 280 цэг байсныг 420 болгон нэмсэн. 300 хэрэглэгч тутамд нэг цэг байхаар тооцсон. Тэгэхээр нийт 600 цэг ажиллах шаардлагатай. 240 мянган картыг тараасан. Энэ картыг цэгцэлнэ. Картаа бүртгүүлээгүй бол түлш олгодоггүй. Энэ нь зарим иргэнийг бухимдуулжээ. Бид энэ асуудлыг цэгцлэхээр ажиллаж байна. Борлуулалтын цэгийн тоогоо өсгөөгүй байсан нь бидний алдаа.
Би өөрөө гэр хорооллын агуулахаар явж шалгасан, нөөц байна. Зургаан дүүргийн 57 агуулахад нөөц байна. Сэтгүүлчид яваад үзэж болно. Хоёр үйлдвэр хэвийн ажиллаж байна. Шахмал түлшний борлуулалтыг "Таван толгой түлш" компани хариуцдаг. Тэд алдаа гаргасны улмаас дараалал үүслээ. Үүний хариуцлагыг яам болон тус компани үүрнэ. Ер нь ковидын улмаас тооцоолоогүй зүйлс өдөр бүр гарч байна.
"Таван толгой түлш" компанийн ажилчид ажил хаяагүй. Харин урамшуулалтай холбоотой шаардлага тавьсан. Энэ үйлдвэрийн ажилчдын цалин гурван бүтэцтэй. Үндсэн цалин нь 1 сая төгрөг байдаг. Урамшууллыг үндсэн цалингийн 60 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог. Манай яам ажлын хэсэг гарган, энэ салбарын үйлдвэрчний эвлэлтэй хамтран ажилласан. Энэ үеэр хуримтлагдсан өр байгаа нь ч ил боллоо.
Оргил цагуудад манай улсын цахилгааны хэрэглээ өссөөр байна. Өнгөрсөн оны мөн үеэс манай хүчин чадал 70 мегаваттаар өссөн. ОХУ-аас импортоор авдаг чадлын хэмжээг 100 мегаваттаар өсгөхөөр ажиллаж байна. ОХУ зөвшөөрсөн. Энэ ажил 12-р сард дуусна.