Хүйтний улиралд гал түймрийн дуудлагын дийлэнх хувийг гэр хорооллын айл өрхийн гэр, байшин шатсан дуудлага эзэлдэг. Нийслэлийн хэмжээнд 2021 оны аравдугаар сарын байдлаар 1140 объектын гал түймэр, 165 аврах ажиллагааны дуудлага мэдээлэл ирлээ. Гал түймэрт өртөж 17 том хүн, зургаан хүүхэд нас барсан байна. Сүүлийн өдрүүдэд дуудлага мэдээлэл нэмэгдсэнээр иргэд гал түймэрт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл өндөр байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 13-р хороо сургуулийн 45-р гудамжинд гэр шатсан дуудлага аравдугаар сарын 12-ны 05:19 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн очиход таван ханатай гэр бүрэн, таван метр хашаа шатаж байсныг шуурхай ажиллаж унтраасан. Гал түймрийн улмаас 22 настай эмэгтэй, гурван настай эрэгтэй нас барж, 22 настай эрэгтэй, гурван сартай хүүхэд түлэгдсэн байсныг Яаралтай түргэн тусламжийн 103-ын бүрэлдэхүүнд хүлээлгэн өгч ажиллалаа.
Галын шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны бүрэн бүтэн байдлыг хангаагүй, цахилгааны утас, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээх зэргээр галын аюулгүй байдлын дүрэм журмыг баримтлаагүй, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдэн гарч байна. Иймд иргэд гэр, орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжлүүлж байхыг анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР