Өнөөдөр буюу аравдугаар сарын 13-ны өдрийг дэлхийн эмэгтэйчүүд хөхний даруулгагүй өнгөрүүлдэг.
Хөхний хорт хавдрын талаарх мэдээллийг эмэгтэйчүүдэд хүртээмжтэй түгээх зорилгоор ийнхүү NoBraDay буюу хөхний даруулгагүй өдрийг дэлхийн улс орнуудад зохион байгуулдаг. Энэ өдрөөр идэвхтнүүд бэлгэдэл болгон ягаан тууз зүүдэг. Мөн зарим улс оронд энэ өдөр байшин барилгууд хүртэл ягаан өнгийн гэрэл асаадаг.
Хөхний даруулгагүй өдөр нийгмийн сүлжээний хэрэглэгчид #nobra, #nobraday гэх мэт хаштаг /hashtag/ бүхий зургуудаа нийтэлдэг. Энэ үйлдлээрээ тэд хөхний хорт хавдар өвчин туссан охид эмэгтэйчүүдийг сэтгэл санаагаар дэмжиж байгаагаа илэрхийлж, биеэ барьсан хувцас өмсдөг уламжлалаас аль болох ангижрахыг уриалдаг.
Дэлхийн нийтэд найман эмэгтэй тутмын нэг нь хөхний хорт хавдартай хэмээн оношлогддог бол Монгол Улсын хувьд 100 мянган эмэгтэй тутмын 204 нь уг өвчнөөр өвчилдөг гэх судалгаа гарчээ.
Хөхний хорт хавдар нь эрт үед ихэвчлэн шинж тэмдэг илэрдэггүй. Тиймээс тогтмол үзлэгт хамрагдаж байх нь чухал юм. Дараах шинж тэмдэг илэрвэл эмнэлгийн байгууллагад хандаарай.
Үүнд:
•Хөх суга орчим хатуу, товгор зүйл мэдрэгдэх бөгөөд ихэвчлэн өвчингүй байдаг.
•Хөх эсвэл хөхний толгойн хэмжээ, хэлбэр өөрчлөгдөх. Жишээлбэл: улайх, хонхойх, жүржийн хальс шиг биржрүүтэх.
•Хөхний толгойноос цусархаг, идээ шиг шар, ногоон өнгийн шингэн гарах
Эрэгтэйчүүд ч мөн хөхний хорт хавдар тусч болох бөгөөд хөх товойх, өвдөх, хөндүүрлэх гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Хөхний хорт хавдрыг эрт оношилж чадвал эмчлэхэд илүү хялбар, эмчлэгддэг. Иймд эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд
- Дасгал хөдөлгөөнийг эрхэмлэж, биеийн жингээ тохирсон хэмжээнд барих
- Зөв хооллох
- Гормоны эмчилгээг хязгаарлах
- Хүүхдээ хөхөөр хооллох
- Тогтмол үзлэг шинжилгээнд хамрагдахыг эрхэмлээрэй.