УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Монгол Улсын өрийн хэмжээ ямар байгааг танилцуулсан юм
Тэрээр танилцуулгадаа “Монгол Улсын өр өнөөдрийн байдлаар 33 тэрбум долларт хүрээд байна. Энэ дотор улсын сектороос гадна хувийн буюу Оюутолгойн өр давхар орж байгаа. Зээл хэлбэрийн өрөөс гадна хувьцаа хөрөнгө оруулалтын хэлбэрээр хийчихсэн өрүүд давхар бүртгэгдээд явж байна. Яг улсын өр бол бага байна. Төв банкны өрийн тухайд 1.8 тэрбум ам.доллар. 2015 онд БНХАУ-ын Ардын банкнаас авсан своп хэлцлийн зээлийн хугацааг нь сунгаад явж байна. Сүүлийн 3-4 жилийн хугацаанд энэхүү өрийг төлөхөөр нөөцөө бүрдүүлсэн. Ялангуяа жил бүр авдаг алтаараа тусгай дансанд өрийг төвлөрүүлээд явж байна. Энэ өрийг төлөх хангалттай хэмжээний хуримтлал үүссэн. Өр төлөх хугацаа 2023 онд дуусна. Тэрнээс өмнө юмуу, хугацаанд нь төлж дуусгана. Өрийг боломж болгож ашиглах гарц, гаргалгаа, хувилбар юу байгааг судалж байна. Ялангуяа хоёр хөршийнхөө дунд нь эдийн засгийн коридор байгуулах, илүү урт хугацаанд төлөхөөр хөрөнгө оруулалт болгох хувилбар боломж юу байна гэдэг саналыг БНХАУ-ын Ардын банк болон энд байгаа Элчин сайдаар дамжуулж тавьсан” гэлээ.