Монгол Улсын аварга П.Бүрэнтөгсийн санаачилгаар “Бүрэн Монгол” төслийг хэрэгжүүлэх болсон талаар төслийн багийнхан мэдээлэл хийлээ.
П.Бүрэнтөгс хэлэхдээ:
"Монголчууд бид эвтэй байхдаа дэлхийн талыг эзэгнэж байсан хүчтэй ард түмэн. Спорт ч гэсэн эв нэгдлийн бэлэг тэмдэг байдаг. Гэсэн ч сүүлийн үед үндэсний спорт маань талцал, хагарлын талбар болоод байна. Иймд бид бүхэн үндэсний өв соёл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, үүдээс залуусын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж байгаа юм.
"Бүрэн Монгол" төслийн хүрээнд ойрын хугацаанд буюу 2022 онд хэрэгжүүлэх ажлуудын нэг болох "Бүрэн Монгол гэр" төслийг өнөөдөр танилцуулж байна. Уг төслийг 21 аймагт хэрэгжүүлж, аймаг бүрээс нэг залуу гэр бүлд бүрэн тавилгатай монгол гэр бусад шаардлагатай эд зүйлсээр хангах юм. Хөдөлмөрч хичээнгүй, амьдралын түвшин доогуур өрхийг сонгож төсөлд хамруулна.
Миний санаачилгыг дэмжсэн хүмүүстэй нэгдээд одоогоор 14 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Эхний ээлжид бид төслөө өөрсдийн санхүүжилтээр хэрэгжүүлээд явж байна. Цаашдаа хандив цуглуулах, олон улсын жишигт нийцүүлэх ажлыг хийгээд явна.
Нийгэм рүү чиглэсэн сайн дурын ажил хийхээр хүмүүс "Ямар нэгэн зорилготойгоор ийм ажил хийж байна. Та улс төр рүү орох гэж байгаа юм уу" гэж хардаад байх шиг байна лээ. Тийм хардлагатай байгаа хүмүүст хандаж хэлэхэд би улс төр рүү орохгүй. Надад үндэсний өв соёлыг тээсэн аварга гэдэг эрхэм нэр төр маань хангалттай. Энэ нэр төрөө цэвэр авч явж, нийгэмдээ сайн сайхныг түгээх юмсан гэсэн хүслээр энэ ажлуудыг хийж байгаа" гэсэн байна.