Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа.
Нийслэлийн хэмжээнд 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн чиг үүргийн байгууллагууд өвлийн их ачааллын үед иргэдийг ус, дулаан, цахилгаан эрчим хүчээр найдвартай хангахад онцгой анхаарах, шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авах шуурхай бригад, машин механизм, техник, тоног төхөөрөмж бэлэн байдлыг хангаж ажиллах,
-Өвөлжилтийн үед хүндэрч болзошгүй сургууль, цэцэрлэг, эмнэлгийн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээний засвар шинэчлэлийн ажлын үлдсэнийг шуурхай дуусгах, ухсан нүх, сэндийлсэн газрыг хэвийн байдалд оруулах,
-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын цэг нэмэгдүүлэх ажлаа эрчимжүүлж, алслагдмал, өндөрлөг газруудад байрладаг айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр хангах ажлыг зохион байгуулах,
-Түүхий нүүрс нэвтрүүлэхгүй, хэрэглүүлэхгүй байх чиглэлээр хяналтыг сайжруулах, сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавьж ажиллах,
-Нийтийн тээврийн тоо хүртээмжийг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийлгэж, нийтийн тээврийн үйл ажиллагаа, техникийн аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.