Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар дүүрэг бүрийн аж ахуйн нэгжүүдэд голомтын ариутгал, халдваргүйтгэл хийх ажиллагаанд хяналт тавин ажиллаж байна.
Айл өрх, ажлын байр, тусгаарлалтын байрны зориулалтаар ажиллаж байсан байр, цогцос хадгалах байр, чандарлах төвүүд зэрэг бүх газарт голомтын халдваргүйтгэл хийж байгаа юм. 2020 оны аравдугаар сарын 18-наас 2021 оны аравдугаар сарын 18-ны хооронд нэг жилийн хугацаанд 11 мянга гаруй цэг, байршилд, 8.2 сая ам метр талбайд голомтын ариутгал хийжээ.
Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Ц.Отгонбор “Халдваргүйтгэлийг мэргэжлийн байгууллагууд хийж байгаа. Нэг багт бага эмч, ариутгагч, жолооч байдаг бөгөөд бүрэн техник хэрэгсэлтэйгээр ажилладаг. Эдгээр багийн халдваргүйтгэлийн үйл ажиллагаанд бид хяналт тавин ажилладаг юм. Нэг дүүрэгт 4-5 эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч ажиллаж байна. Халдварын тохиолдол батлагдаж, Улсын онцгой комисст мэдээлэл нэгтгэгдэн, голомтын халдваргүйтгэл хийх маршрутын дагуу эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч нар хариуцсан дүүрэгтээ хяналт тавин ажилладаг. Халдваргүйтгэл хийж байгаа байгууллагуудыг хүний нөөц, техник хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц зэргийг харгалзан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас сонгон шалгаруулсан” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС