НОК-оос долоо хоног бүр цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэж байгаа.
Энэ удаагийн хэвлэлийн хуралд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Боловсролын газрын мэргэжилтэн Ж.Батбилэг, НЗДТГ-ын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар нар оролцож, мэдээлэл өгсөн юм.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж “Улаанбаатар хотын халдварын нөхцөл байдлыг бид долоо хоногоор графикаар гарган танилцуулдаг. 41 дэх долоо хоногийн хувьд өдөрт батлагдаж байгаа халдварын тоо 40 дэх долоо хоногтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.
Өмнөх долоо хоногт халдварын тохиолдол 3,446 байсан бол 41 дэх долоо хоногт 3,196 болсон. Мөн өмнөх долоо хоногт 28 жирэмсэн эх халдвар авсан бол 41 дэх долоо хоногт 24 болсон байна.
Харин халдвар авсан хүүхдийн тоо 682 болж нэмэгджээ. Гэрийн хяналтад байгаа иргэдийн тоо 38 дахь долоо хоногоос аажмаар буурч байгаа. 41 дэх долоо хоногт 26.957 байсан бол өнөөдрийн байдлаар 23.998 болж буусан байна. Хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 41 дэх долоо хоногт 6556 байгаа нь өмнөх долоо хоногтой ижил байгаа. Энэ нь орны хүрээлцээтэй холбоотой юм.
Хүнд оноштой иргэн 1,522 байсан боловч 41 дэх долоо хоногт 1,613 болж өссөн. Нэн хүнд оноштой иргэн 277 байсан бол 289 болсон байна. Орны эргэлтийн хувьд 720 иргэн эмнэлэгт хэвтэж, эмнэлгээс гарч байгаа иргэдийн тоо 675 байсан бол энэ долоо хоногт 661 иргэн эмнэлэгт хэвтэж 644 иргэн эмнэлгээс гарчээ. Энэ нь халдварын тоотой шууд хамааралтай юм" гэлээ.
"Сайн дураар 45 жолооч тандалт, хариу арга хэмжээний багт ажиллаж байна"
Түүнчлэн тэрбээр сайн дурын хэдэн ажилтан цар тахлын эсрэг хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа талаар дараах мэдээллийг өгөв. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж "Бид тандалт, хариу арга хэмжээг сайжруулах үүднээс Нийслэлийн Засаг даргын 2021 оны 722 тоот захирамжаар сайн дурын ажилтнуудыг ажиллуулж байгаа
Аравдугаар сарын 18-ны байдлаар 53 жолооч ажиллаж байсан бол өнөөдөр 45 жолооч ажиллаж байна. Дархлаажуулалтын 49 суурин цэгт вироселл болон файзер вакцины сонголттойгоор дархлаажуулалт хийж байгаа юм. Мөн 36 явуулын баг ажиллаж, үүнд 352 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Аравдугаар сарын 20-нд хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилтан, гэрээр 141 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулсан.
Нийт 11 их, дээд сургуулийн 1,803 оюутан, 15 байгууллагын 1,261 ажилтан, гэрээр 1850 иргэнийг нэмэлт дархлаажуулалтад хамруулаад байна. Мөн гэрийн асаргаанд байдаг 679 хүн нэмэлт тун хийлгэсэн.
УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас өнгөрсөн долоо хоногт “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүлээн зөвшөөрсөн нэгдсэн аргачлалын дагуу үнэлгээ хийж байгаа. Энэхүү үнэлгээний дагуу цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний сайжруулсан зөвлөмжүүд гарна. 2022 онд нийслэлийн хэмжээнд “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээний хүрээнд шинэчилсэн төлөвлөлт хийх Ажлын хэсэг гарсан.
Бид өнгөрсөн хугацаанд “Ковид-19”-ийн эсрэг авч хэрэгжүүлсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ, вакцинжуулалт, нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээний бүхий л чиглэлээр онол практикийн бага хурлыг зохион байгууллаа. Энэхүү хуралд улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч нар цахимаар оролцож 52 илтгэл танилцуулсан юм. Мөн асаргаа, вакцинжуулалт, хэвтэн эмчлүүлэлт, эрчимт эмчилгээ, хүчилтөрөгчийн хангамж зэрэг олон сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ. Үүний дагуу зөвлөмж гаргаж эрүүл мэндийн байгууллагуудад хүргэх юм” гэлээ.
Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
"Гэр бүлийн нэг гишүүн халдвар авсан байх магадлалтай бол өөрийгөө тусгаарлаж, ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа хэрэглэх хэрэгтэй"
-Халдвар авсан иргэдийн нас баралт залуужиж байна. Ямар арга хэмжээ авч байна вэ?
-Ор зохицуулалтын нэгдсэн удирдлагад шилжсэнээр хүнд болон нэн хүнд эрэмбээр эрэмбэлэгдсэн иргэдийг өрхийн эмчийн хяналтаас шууд эмнэлгийн тусламж үйлчилгээнд авч байгаа. Мөн жирэмсэн болон эрсдэл өндөртэй иргэдийг тухайн өдөрт нь эмчилгээнд хамруулж байна.
Халдвар аваад нас барсан иргэдийн дийлэнх нь эмнэлэгт өөд болсон байна. Гэрийн нас баралт бага хувийг эзэлж байгаа. Өнгөрсөн хугацаанд гарсан гэрийн нас баралтууд архаг өвчний төгсгөлийн шатанд эмчилгээнд байж байгаад үргэлжлүүлэн өрхийн эмнэлгийн хяналтад байсан иргэд юм. Эрүүл мэндийн яаманд нас баралтын шалтгааныг тогтоох комисс ажилладаг. Энэ комиссоос нас баралтын шалтгаан КОВИД-19-ийн байсан уу, өөр шалтгаантай байсан уу гэдгийг мэдээлдэг.
Коронавирусийн халдварын эсрэг тусламж үйлчилгээ үзүүлж байгаа Өрхийн эрүүл мэндийн төв, анхан шатны эмнэлгийн байгууллагуудад байнгын мониторинг хийх, дэмжлэг үзүүлэх үүднээс эмч нарт юнителийн 220 дугаар олгосон. Нийт 11,773 дуудлага ирснээс 140 дуудлагад хариу өгч амжаагүй байна. Дийлэнх дуудлага өглөөний 08:00-09:00, 11:00-13:00 цагт ирж байна гэсэн судалгаа гарсан. Аравдугаар сарын 3-21-ний хооронд өдөрт дунджаар 700-800 дуудлага ирсэн байна.
-Түргэвчилсэн шинжилгээний хариу зөрүүтэй гарах тохиолдлыг хэрхэн тайлбарлах вэ?
-Эрүүл мэндийн яамнаас түргэвчилсэн шинжилгээний оношлуурын тестүүдэд үнэлгээ хийн, есөн байгууллагын оношлуурыг хэрэглэхийг зөвлөсөн. Чанарын шаардлага хангасан оношлуур хэрэглэж байгаа нөхцөлд шинжилгээний хариуг баттай гэж үзэж болно.
Ойрын хавьтлууд, өндөр эрсдэлтэй, өрхийн эмчийн хяналтад байгаа иргэдэд тандалтын багаас тогтмол шинжилгээ хийж байгаа. Нийслэлийн хэмжээнд PCR болон түргэвчилсэн шинжилгээ, шинж тэмдэг илэрсэн бүх иргэнийг нэгтгэн мэдээлж байгаа. Бүх иргэнээ хяналтад хамруулах нь чухал. Халдварын тоо буурч байна гээд тайвширч болохгүй. Халдвар тархах нөхцөл хүнээс хамааралтай.
Иргэд халдвараас сэргийлэх бүрэн боломж бий. Тиймээс амны хаалтыг тогтмол зүүх, тодорхой хугацаанд сольж байх, хүн хоорондын зай барих, нэг танхимд хэт олуулаа байхгүй байх, эрүүл мэндийн байгууллагын зааварчилгааг мөрдөх нь зүйтэй. Ингэж чадвал эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадна.
-Хүүхдийн халдвар авсан байдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Сургуулийн орчин ямар байна вэ?
-Хүүхдүүдийн халдварыг сургуулийн орчинтой холбоотой гэж үзэхгүй байгаа. Тархвар судлаачдын ирүүлсэн мэдээллээр гэр бүлийн орчноос халдвар авах тохиолдол давамгай байна гэсэн судалгаа гарсан. Тиймээс гэр бүлийн нэг гишүүн халдварын нөхцөлд орсон байх магадлалтай бол нэн тэргүүнд өөрийгөө тусгаарлах, аяга халбага, ахуйн хэрэглээний зүйлсээ тусдаа хэрэглэх хэрэгтэй байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс