Монгол Улс болон БНХАУ хоорондын хилийн гол боомт Эрээн ба Замын-Үүдийн боомт хаагдаад байгаа билээ.
Тэр үеэс хойш Эрээн хотод Covid-19 халдварын нийт 15 тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус хотод халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.
Харин Өвөр Монголын Алшаа аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19-ийн халдварын 35 тохиолдол шинээр бүртгэгдсэнээр халдвар авсан хүмүүсийн нийт тоо 79 болсон байна. Энэ 79 тохиолдлын 78 нь Монгол Улстай хиллэдэг, Монгол-Хятадын нүүрс тээврийн гол гарцуудын нэг болох Сэхээ боомт байдаг Эзнээ хошуунд бүртгэгдээд байна.
Өвөр Монголын ӨЗО-ы төв Хөх хотод мөн одоогоор халдварын гурван тохиолдол бүртгэгдээд буй бөгөөд тус хот нь өчигдөр бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, шинжилгээ авчээ.
БНХАУ нь “Ковид-Тэг” стратегийн хүрээнд халдвар гарсан газруудад хөл хорио тогтоох, бүх нийтийг шинжилгээ болон вакцинжуулалтад хамруулах зэргээр цар тахалтай тэмцэж байна. Цар тахлын тархалтын энэ удаагийн давлагаа нь тус улсын 11 мужийг хамраад буй юм. Өвөр Монголын хэмжээнд Хөх хот, Ордос, Алшаа болон Шилийн гол аймаг гэсэн дөрвөн газарт халдвар бүртгэгдээд байна.