Засгийн газрын хуралдаанаар Төрийн ордны урд талын өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг Монгол төрийн түүхийн музейн үйл ажиллагааг 2022 оны нэгдүгээр сараас 1-нээс зогсоож, “Чингис хаан” музейд нэгтгэх шийдвэр гаргажээ. Музейн эд хөрөнгө, үзмэр, сан хөмрөг, эд өлгийн зүйлийг “Чингис хаан” музейд балансаас баланст шилжүүлэх арга хэмжээг холбогдох байгууллагуудтай хамтран хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг Соёлын сайдад даалгасан байна.
Монгол төрийн түүхийн музей нь үзмэрийн дөрвөн танхимтай, жилд дунджаар 24 мянган хүнд үйлчилдэг, орон тооны 18 ажилтантай ажээ. Их Монгол Улс, Монголын эзэнт гүрний хаадын алт, мөнгө, зэс зооснууд, Өмнөговь аймгийн Ноён сумын Цагаан ханангийн агуйгаас олдсон XIII зууны үеийн язгууртны хувцас хэрэглэл, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Бурхан толгойн булшнаас гарсан Монгол хатны богтаг малгай болон эрт, эдүгээгийн төрт ёсны түүхэнд холбогдох ховор нандин 703 дэсийн 1237 үзмэр уг музейд хадгалагдаж байна.