Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын хилийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, аялал жуулчлалын салбарынхаа үйл ажиллагааг сэргээх үүргийг сайд нарт өглөө. Тэрээр "Б.Батцэцэг сайд, Л.Халтар сайд бусад улс орнуудтай хэлэлцээр хийж арванэгдүгээр сарын 1-нээс агаарын хилийнхээ үйл ажиллагааг тогтворжуулах хэрэгтэй байна. Ялангуяа, БНХАУ хилээ хаасан энэ үед агаарын хилийнхээ үйл ажиллагааг жигдрүүлж, нислэгийнхээ давтамжийг нэмэгдүүлэх нь зүйтэй.
Н.Уртнасан сайд аялал жуулчлалын компаниудтай уулзаад гадаадаас ирэх жуулчид манай улсад ирээд вакцин хийлгэж болно гэдэг уриалгыг дэвшүүлэх хэрэгтэй. Тухайн улс оронд нь вакцин хүрэлцээгүй дараалал үүссэн бол манай улсад ирж жуулчлал хийснийх нь төлөө үнэгүй вакцин хийж өгнө гэсэн үг" гэлээ.