Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАҮТ/-ын ажилчид дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдлаа. Тус байгууллагаас бизнесийн салбарын аж ахуй нэгж, компаниудыг нэгдсэн журмаар нэмэлт тундаа хамрагдахыг уриалсан юм.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Дэлхий дахинд коронавируст цар тахлыг даван туулахын тулд нийтээрээ вакцинжуулалтад идэвхтэй хамрагдах хэрэгтэйг уриалж байгаа. Монгол Улсын хувьд нэг болон хоёрдугаар тунгийн вакцинжуулалтын идэвх өндөр байсан. Харин дархлаа сэргээх нэмэлт тундаа маш яаралтай хамрагдах шаардлагатай байна. БНХАУ-тай хиллэж буй манай улсын боомтуудыг нэн яаралтай нээлгэхийн тулд халдварын тархалтыг бууруулан, нийтээрээ гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдах хэрэгтэй. Тиймээс МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд болоод нийт бизнес эрхлэгч та бүхэн албан хаагчдаа нэмэлт гуравдугаар тунд хамруулаарай гэж уриалмаар байна. Ингэснээр эрүүл мэнд болоод эдийн засгаа хамгаалж, бизнесээ ямар нэг хязгаарлалтгүй үргэлжлүүлэх боломж бүрдэх юм” хэмээн уриалж байлаа.
Тус байгууллага нь 140 гаруй ажилтантай бөгөөд нийт албан хаагчдын 20 гаруй хувь нь өмнө нь гуравдугаар тундаа хамрагдсан байжээ. Өнөөдөр үлдсэн бүх албан хаагчид сайн дурын үндсэн дээр нэмэлт тундаа хамрагдлаа. МҮХАҮТ-аас албан хаагчдадаа вакцинжуулалтын ач холбогдол, бусад улс орнуудын туршлага, судалгааны үр дүн зэргийг танилцуулсан байна.
МҮХАҮТ-аас гаргасан уриалгад “Наран Фүүдс” ХХК нэгдэж, ажилтан ажиллагсдаа гуравдугаар тунд хамруулсан юм. Энэ талаар “Наран Фүүдс” ХХК-ийн Брэнд менежер П.Шинэбат:
-“Наран” групп бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс шалтгаалан хэд хэдэн охин компанитай. Үүний дотор хүнсний түгээлт, борлуулалтын чиглэлээр “Наран Фүүдс” ХХК ажилладаг. Хүнсний түгээлт, борлуулалт нь Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн бүхий л цэг салбарт хүрч ажилладаг тул ажилтан, албан хаагчид халдварт өртөх эрсдэл өндөр байдаг. Иймд МҮХАҮТ-ын санал санаачилгыг дэмжин, манай компанийн 90 гаруй ажилтан нэмэлт тунд хамрагдлаа. Хүнсний чиглэлээр ажиллаж байгаа болон бусад бизнесийн салбарын байгууллагууд гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаарай. Хүн бүр вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж байж цар тахлыг хурдан давж гарна хэмээн уриалсан юм.
Эрүүл мэндийн сайдын А/565 дугаар тушаал гарснаас хойш буюу есдүгээр сараас өнөөг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 30 орчим байгууллагын мянга гаруй ажилтан нэгдсэн журмаар дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагджээ. Вакцинжуулалтад нэгдсэн журмаар хамрагдахыг хүссэн байгууллагууд харьяа дүүргийн Эрүүл мэндийн төвд хандах боломжтой аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС