Швейцараас Монгол руу ачаа тээж явсан “Волво” ачааны машиныг Беларусь улсын Козловичи боомтод шалгаж, хүүхдийн тоглоомонд нуусан хар тамхи илрүүлжээ. Тодруулбал, Волво ачааны машин хүүхдийн хувцас, тоглоом, хүнс зөөж явсан бөгөөд нарийвчилсан үзлэгээр цаасанд боосон гашиш нэртэй хар тамхи олсон байна. Нийт 90 грамм жинтэй аж. Тус хэргийн талаар ЦЕГ-с тодруулахад: “Монгол улсын нутаг дэвсгэрт уг хэрэг бүртгэгдээгүй бөгөөд хэрэг үүсгэн мөрдөн шалгах үйл ажиллагаа эхлээгүй байна” гэв.
Түүнчлэн ард иргэд шуудан илгээмжээр дамжуулан гадаад улсаас бараа худалдан авахгүй байхыг анхаарууллаа. Учир нь тухайн бараанд хар тамхи нуун ирүүлэх магадлалтай юм. 2016-2019 оны хооронд улсын хилээр хар тамхи мансууруулах бодис нэвтрүүлэхийг завдсан 47 хэргийг шүүхэд хүргүүлж байжээ.