УИХ-ын гишүүн Н.Учрал "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар өнөөдөр хүргүүллээ.
Тэрбээр, олон улсын парламентын холбооны НҮБ-ын асуудлыг эрхэлсэн байнгын хорооны удирдах зөвлөлд ажилладаг. Манай улсын нэгдэн орсон олон улсын 1600 гаруй гэрээ конвенц байдаг. Тус гэрээ конвенцуудад хүний эрхийг хамгаалахтай холбогдсон олон эрхийг хүлээдэг. Сүүлийн үед хүний эрхэд халдах үзэгдлүүд ажиглагдаж байна. Үндсэн хуульд зааснаар бид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал хийх, хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй. Жагсаал, цуглаан хийх журмыг хуулиар тогтооно гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл өнөөдөр жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх, үгээ хэлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон байна. Иргэд жагсаал, цуглаан хийх, үг хэлэх эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрээд байна. Иймээс 2015 оны "Жагсаал, цуглаан хийх журмын тухай" хуулийг өөрчлөх 10 дугаар зүйлийг бүхэлд нь хасах хуулийн төслийг санаачилж байна. Ингэснээр ард иргэдийн зүгээс жагсаал, цуглаан хийхдээ Засаг даргаасаа зөвшөөрөл авах биш бүртгүүлдэг байх зохицуулалтыг тусгаж өгсөн гэлээ.