Японы гүнж асан Мако өөрийн нөхөр Кэй Комурогийн хамт язгууртны гэр бүлээ орхин АНУ-д амьдрахаар явжээ. Өнгөрсөн сард хуримаа хийсэн хос ням гарагт Токиогоос ниссэн байна.
Мако хааны гэр бүлийн хэргэм зэргээсээ татгалзаж, язгууртны хурим хийгээгүйн дээр гэр бүлээс нь олгодог мөнгийг аваагүй юм.
Комурогийн ажилладаг хуулийн компани байдаг Нью-Йорк хотод тэд орон сууц түрээсэлж амьдрахаар болжээ. Япон улсаас явж байгааг нь мэдээлэх гэсэн 100 орчим сэтгүүлч нисэх буудалд очсон ч сэтгүүлчдийн асуултад тэд огт хариулаагүй аж. Нью-Йоркт буусных нь дараа нисэх буудалд хамгаалалтын албаныхан хамт явж автомашинд суулгаж буй бичлэгийг хэвлэл мэдээллээр цацжээ.
Японы хуулийн дагуу язгууртан эмэгтэй энгийн иргэнтэй гэрлэвэл хааны гэр бүлийн хэргэм зэргээ алддаг байна. Мако хуримаа хийснийхээ дараа нөхрийнхөө нэрийг авч Мако Комүро нэртэй болсон юм.
Тэднийг Их Британийн ханхүү Харри болон түүний эхнэр Меган Маркл нартай харьцуулан бичиж, “Японы Харри, Меган хоёр” гэсэн хоч өгсөн юм. Тэд дөрвөн жилийн өмнө сүй тавьжээ. Гэвч Комурогийн ээж хуучин найз залуугаасаа их хэмжээний мөнгө зээлээд буцааж төлөөгүй байснаас болж тэдний харилцаа хэл аманд өртсөн байна.
Эх сурвалж: Reuturs