Монголын үндэсний бөхийн холбооноос допингийн шинжилгээ нь эерэг гарсан бөхчүүдийн нэрийг зарлалаа.
Монгол Улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан өнгөрсөн наймдугаар сарын 17-нд зохион байгуулагдаж, 512 бөх оролцсон билээ.
"Монголын Үндэсний Бөхийн Холбооноос допингийн шинжилгээний талаар Допингийн эсрэг мөрдөгдөж байгаа журмын дагуу өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдөр олон нийтэд мэдээлсэн.
Тус барилдаанд оролцсон 18 бөхөөс допингийн шинжилгээ авахад дөрвөн дээжээс допинг илэрсэн. Допингийн төрлийн бодис илэрсэн дөрвөн бөхчүүд дүрмийн дагуу 10 хоногийн дотор "Б" cорьцоо шинжлүүлэх эсэхээ МҮБХ-нд мэдэгдэх журамтай. Тэгвэл тэдний нэг нь Б сорьцоо шинжлүүлэх хүсэлт хүргүүлсэн талаар МҮБХ-ноос өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн. Гэвч тухайн бөх Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад өргөдлөө хүргүүлээгүй, сорьц шинжлүүлэх төлбөрөө шилжүүлээгүй байжээ.
Иймд 2021 оны 08-р сарын 18-ны өдөр допингийн шинжилгээ өгсөн 18 бөхөөс улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Н.Батсайхан, Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарын шинжилгээний хариуг үндэслэн допингийн зөрчил гаргасанд тооцож байна. Эдгээр бөхчүүдэд тооцох хариуцлагыг МҮБХ-ны Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэж тогтооно" гэжээ.