Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд комедиан Д.Амартүвшинд холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүхээс түүнд 500 мянган төгрөгийн торгууль оногдуулжээ.
Шүүхээс тус хэргийг хянан шалгаад 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр "...Флаш моб" нэртэй цуглааныг бүртгэлгүйгээр зохион байгуулж, хорио цээрийн дэглэм, хязгаарлалт тогтоосон нийслэлийн Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн А/477 дугаартай захирамжийг зөрчсөн зөрчил үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж үзэж зөрчилд холбогдогч Д.А, Д.Б нарыг Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр тус тус торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Харин тус флашмобыг үохион байгуулсан Д.Амартүвшиний хувьд "Хэрвээ би үнэхээр хууль зөрчсөн бол хуулиа даган мөрдөж, хариуцлагаа хүлээнэ. Гэхдээ өмнө нь наймдугаар сарын эхээр анх шүүх хурал болсон. Тэр үед хэргийн нотлох баримт хангалтгүй гэдэг шалтгаанаар хойшилсон. Гэтэл гэнэт өнөөдөр болохоор болсон.
Нотлох баримт хангалтгүй байтал өнөөдөр бид 2 Зөрчлийн хуулиар торгууллаа. Яг энэ хууль үйлчилж байх хугацаанд хэдэн мянган хүн цуглуулж, махан овоо босгосон эрх мэдэлтнүүдэд хариуцлага тооцно биз дээ, зөрчлийн хэрэг үүсгэнэ биз дээ гэдгийг би асуусан. Хэрэг хуучрахгүй гэдэг. Тэр хүмүүсээ ядаж 500 мянгаараа ч болов торголдоо гэдгийг л хэлмээр байна. Флашмоб уг нь жагсаалд тооцогддоггүй" Би давж заалдана. Энэ бол маш том факт" гэсэн юм.